Улсын чанартай авто зам ашиглах төлбөр наймдугаар сарын 1-нээс эхлэн суудлын автомашинд 5,000 төгрөг, ачааны автомашинд 20,000 төгрөг болж нэмэгдэнэ.
Ийнхүү нэмэгдүүлж буй нь зам арчлах, засварлах өртөг өсөж байгаатай холбоотой юм. Одоогийн байдлаар улсын төсвөөс олгож буй мөнгө улсын чанартай авто замын 10-12 хувийг л засах, арчлах хэмжээнд хүрнэ гэж Авто Замын Засвар Арчлалт(АЗЗА)-ын нэгтгэлийн захирал Д.Баярдорж хэллээ.
Мөн тэрбээр “Шатах тослох материалын үнийн өсөлттэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар нэг ам метр зам засахад 115,000 төгрөгийн өртөгтэй байгаа. Улсын төсвөөс тавьж буй мөнгө нь 8,000 километр үргэлжлэх улсын чанартай авто замыг засаж арчлахад хүрдэггүй. 10-12 хувийг нь засах хэмжээний төсөв батлагддаг учраас стандартад нийцсэн, гэрэлтүүлэг сайтай, тэмдэг тэмдэглэгээтэй замаар зорчуулахад төлбөр нэмэх шаардлагатай байсан. Удаа дараа Засгийн газарт хандсаны үр дүнд дээрх шийдвэр гарлаа.
Манай нэгтгэл орон нутгийн 20 салбараараа дамжуулан өвлийн арчлалт, зуны засвар, ээлжит засваруудыг хариуцдаг” гэлээ.
Дөрвөн жилийн өмнөөс төлбөр хураах цэгүүдийг цахимжуулж, нэхэмжлэл үүсгэж эхэлсэн байна. Энэ хугацаанд 30 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэл төлөгдөөгүй байгааг Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга Д.Оюунболд дурдаж байв. Энэ нь бараг бүтэн жилийн орлоготой нь дүйхүйц хэмжээ юм. Тодруулбал Замын хөгжлийн төв өнгөрсөн онд 33 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, замын нүх бөглөх, хөвөө засах зэрэг урсгал засвар, арчлалтад зарцуулжээ.
Холбогдох журмын дагуу төлбөр хураах цэгээс гадна амьдардаг иргэд тээврийн хэрэгслийн дугаараа бүртгүүлээд төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Мөн эмнэлэг, цагдаа, онцгой байдал зэрэг тусгай албадын тээврийн хэрэгсэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлдөг байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

