Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт болон орлого, зардлын мэдээллийг шадар сайд Н.Номтойбаяр танилцууллаа.
Энэ талаар хэлэхдээ “Дэлхийн адууны өдөр болон тэгш ой тохиосон баяр наадмыг зохион байгуулахад 9.3 тэрбум төгрөг зарцуулсан. Харин хоёр орчим тэрбум төгрөгийн орлого олсон байгаа. Үүнтэй холбогдуулан Аудитын газар шалгалтаа хийнэ.
Энэ сарын 23-ны 12:00 цагт Баяр наадмын комиссын бүтцэд байгаа есөн дэд хороо эцсийн байдлаар тайлангаа хүргүүлж, санхүүгийнхээ тайланг хавсаргаж бид нэгтгээд дүгнэлт хийнэ. Улмаар дараа дараагийн баяр наадамд анхаарна.
Үндэсний их баяр наадмын цогцолборыг бүтээн байгуулах ажлыг Засгийн газраас санаачилсан. Ялангуяа дараа жил буюу 2027 оны долоодугаар сарын 1-н гэхэд үндсэн барилга байгууламжаа ашиглалтад оруулахад Баяр наадам зохион байгуулах комисс болон Хотын захиргаа эрчимтэй ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа.
Энэ жилийн баяр наадмын санхүүгийн тайлан дээр улсын аудит үнэлэлт дүгнэлтээ өгнө.
Дээр дурдсанчлан хоёр тэрбум төгрөгийн орлого орсон. Урьд нь наадмын урилгыг үнэгүй тараадаг байсныг үнэтэй болгож зарж борлуулсан. Энэ орлогоор хууль тогтоомжид заасны дагуу ил тод, нээлттэй, хяналттай байх зарчмаар Үндэсний их баяр наадмын цогцолборын зураг төслийн ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

